Нүүр хуудас Бидний тухай

Я.Мөнхчулууны Намтар


Монгол улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор /Ph.D/ Ядамын Мөнхчулуун нь 1938 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төржээ. Я.Мөнхчулууны суралцсан байдал: 1949-1951.онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын бага сургууль 1951-1959 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1964 онд Монгол улсын анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги, 1966 онд Улаанбаатар хотод зүрх судасны эмчийн мэргэжил эзэмших курс, 1970 онд Москва хотод А.Л. Мясниковын нэрэмжит зүрх судасны институтэд мэргэжлийн өвчний эмчийн мэргэжил эзэмших курс, 1984 онд Улаанбаатар хотод Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын дамжааг тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн Прага, Варшав, Москва хотуудын мэргэжлийн өвчин, зүрх судасны институтэд удаа дараа дадлагажилт хийжээ. Я. Мөнхчулууны ажилласан байдал: 1964-1976 онд Налайх хотын Нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, зүрх судасны эмч, ерөнхий эмч, Налайх хотын эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга, 1977-1991 онд Улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний улсын диспансерын дарга; 1991 оноос одоо хүртэл /оныг бичих/ тус төвийн зөвлөх эмч, мэргэжлийн өвчин судлалын секторын эрхлэгчээр тус тус ажиллаж байв. 1963-2003 онуудад УНДЕГ-ын дэргэдэх Улсын эмнэлэг хөдөлмөр магадлах төв комисс (ЭХМТК)-ын нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байв. Эмч Я.Мөнхчулууны мэргэжлийн ур чадварын тухайд: 1970-аад оноос уушги-зүрхний болон уушги тоостох өвчнүүд(УТӨ)-ийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хөдөлмөрийн чадварыг тодорхойлох, УТӨ-өөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдол бүхий спирограф, пневматахометр, электрокардиограф, рентгено-морфолог, рентгено-функциональ шинжилгээний орчин үеийн аргуудыг клиникт нэвтрүүлж, үүнээс пневматахометрийн, рентгено-морфолог, рентгено-функциональ шинжилгээний хоёр аргыг улсад анхдагчаар нэвтрүүлж, ШБОС-ын үзэсгэлэнгийн болон ЭХЯ-ны шагнал авсан байна. 1979 онд Монгол орны мэргэжлээс шалтгаалах өвчин (МШӨ)-ий бүтцийн 65-70 орчим хувийг эзэлдэг уушги тоостох өвчнүүдийг эрт илрүүлэн оношлох сэдвээр анагаах ухааны доктор /Ph.D/-ын зэрэг амжилттай хамгаалсан нь онол практикийн их ач холбогдолтой болж, уушги тоостох өвчнүүдийн оношлолтыг ДЭМБ-ын дэргэдэх УТӨ-ний магадлалын комиссоос гаргасан зөвлөмжийн хэмжээнд хүргэж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх, хөдөлмөр зохицуулалт хийх асуудалд үнэтэй хувь нэмэр оруулж, Налайх хотын нэгдсэн эмнэлэг, үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний улсын диспансер, үйлдвэрийн эмнэлгүүдийн оношлогоо, эмчилгээний ажлын чанарын төвшинг эрс дээшлүүлж, Эрүүлийг Хамгаалах Яамны шагналыг удаа дараа хүртжээ. Эмч Я.Мөнхчулуун нь мэргэжлээс шалтгаалах өвчний урьдчилан сэргийлэлт, оношлолт, эмчилгээ, хөдөлмөр зохицуулалт, уурхайчдын хөдөлмөрийн чадвар түр болон удаанаар алдалтын байдал, цаашид авах арга хэмжээний тухай, уушги тоостох өвчинтэй хүмүүсийн эмнэлэг хөдөлмөрийн магадлал, хөдөлмөр зохицуулалтын асуудал зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл (21), ном (хамтын бүтээл) 3 бичиж гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлж, УТӨ-ний рентген оношлолт, техник ариун цэврийн, биологийн, эмнэлгийн, хувийн урьдчилан сэргийлэлт, МШӨ-ий жагсаалт, хэрэглэх заавар (Сайдын 1985 оны 37 тоот тушаал, хавсралтууд), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх, заавар жагсаалт (ЭМНХ-ын сайдын 1997 оны А/250 тоот тушаал) зэрэг мэргэжлийн зөвлөмж, гарын авлага, холбогдох тушаалуудыг боловсруулан гаргаж, практикт нэвтрүүлсэн байна. Я.Мөнхчулуун нь чадварлаг эмч, эрдэмтний хувьд тэр үеийн олон хатуу шалгалт, хяналт, сорилтыг давж 1980 онд эх орны өндөр нэр хүндтэй томилолт авч (Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт эмч, клиникийн профессор Г.Нямхүүгийн хамт) Бүгд Найрамдах Кампучи Ард Улсад эмнэлгийн тусламж үзүүлэх олон улсын эмч нарын багийн бүрэлдэхүүнд зүрх судасны эмчээр ажиллаж, Пол-Потын цэргийн гол хүчийг цохиж гаргасаны дараахи Кампучи орны хүнд нөхцөлд эмчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн учир Дэлхийн Ардчилсан Залуучуудын Холбооны “Сайшаалын үнэмлэх”-ээр шагнагдсан байна. Эмч Я.Мөнхчулуун нь 1978-2005 он хүртэл ЭМШУИС-д мэргэжлийн өвчин, дотрын өвчин судлалын багшаар 30 жил шахам хавсран ажиллаж, оюутнууд, дотрын, цехийн дотрын, мэргэжлийн өвчний эмч нарын мэргэжил эзэмших, дээшлүүлэх дамжааны эмч нарт багшилж, дотор, уушги, зүрх судас, мэргэжлийн өвчин судлалын курс, магистрантур, докторантын олон тооны ажлыг зөвлөж, удирдаж, эмнэлгийн үндэсний боловсон хүчин бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан төдийгүй, эрдэм судлалын ажил нь ЭМШУИС-ын “Эрдэмийн чуулган-43”-ын (2001) шагналт байранд шалгарч байсан эрдэм судлалын ажилтан билээ. Эмч, багш Я.Мөнхчулуун нь 1980 оноос үйлдвэрийн, цехийн дотрын эмчийн, мэргэжлийн өвчний эмчийн дамжааг дотооддоо 4 удаа хийж 60 гаруй эмчийг, Москва, Ангарскийн хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлийн өвчний институтэд 30-иад эмчийг суралцуулан төгсгөж, үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний албыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах ажлыг санаачлан зохион байгуулсан байна. Я.Мөнхчулууны удирдах ажлын ур чадварын тухайд: Манай улсын мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг хөдөлмөр магадлалын төв нь социализмын үед ч, одоо ч гадаадаас мэргэжлийн өвчний зөвлөх эмч урин ажиллуулахгүйгээр өөрсдөө бие даан үйл ажиллагаа сайн явуулж ирсэн улсын хэмжээний үйлчилгээтэй ганц эмнэлэг бөгөөд энэ нь дарга, зөвлөх эмч Я.Мөнхчулууны мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай зохих ёсоор холбоотой юм. Эмч Я.Мөнхчулуун нь Монгол улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний албыг олон жил удирдаж, тухайн байгууллагыг бүтэц, зохион байгуулалт, арга зүй, мэргэжлийн боловсон хүчний хангамжийг сайжруулах, орчин үеийн шинжилгээ, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эмчлэн сэргийлэх үйл ажиллагааг нэвтрүүлэхийн төлөө шаргуу ажилласан чадварлаг удирдагч нарын нэг юм. Я.Мөнхчулуун нь ЭХМТК-ын нарийн бичгийн даргаар 1996 оноос 7 жил хавсран ажиллахдаа ЭХМ-ын ээдрээтэй, хүнд олон асуудлыг өргөн хүрээний мэдлэг, мэргэжил, дадлага туршлагын өндөр төвшинд шийдвэрлэж, зах зээлийн эдийн засгийн үеийн шинэ нөхцөл байдалд ЭХМ-ыг явуулах үндэслэл, түүнд тавих хяналтыг эрс сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, НДХ-ийн магадлагч эмчийг орон тоогоор ажиллуулах зэрэг хууль эрхийн холбогдолтой актуудыг шинээр болон шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлжээ. ЭХМ-ын ажлын зохион байгуулалт, арга зүйг сайжруулсан зэргээс улсын хэмжээгээр нийгмийн даатгалаас өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтын хувийн тэтгэвэр авагч хүмүүсийн тооны өсөлтийн хувь 2000-2002 онд 3,85-1,0 хувиар буурсан нь эмч түүний ажлын санаачлага, хариуцлага, үр дүнтэй зүй ёсоор холбогдоно. Я.Мөнхчулуун нь эмнэлэг хөдөлмөр магадлал (ЭХМ)-ын сайн мэргэжилтэн бөгөөд 1977-1991 онд үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний улсын диспансерын даргаар ажиллаж байх хугацаанд түүний удирдаж байсан ЭХМК нь 1979-1985 онд 5 удаа улсад тэргүүн байр эзэлж байв. Я.Мөнхчулуун нь 1966 оноос хойш амьд байх хугацаандаа үйлдвэрийн эмнэлэг, мэрэгжлийн өвчний алба, үйлдвэрийн ажилчдын эмнэлэг үйлчилгээ, өвчлөл, хөдөлмөрийн чадвал түр болон удаанаар алдалт, эмнэлэг хөдөлмөр магадлал зэрэг олон асуудлаар тухайн үеийн нам, төр, гүйцэтгэх засаглалын байгууллагуудын олон тогтоол, шийдвэрийг төрийн бодлогын түвшинд боловсруулан хэрэгжүүлэх ажилд зохион байгуулагч, мэргэжлийн эмч, багш, эрдэмтний хувьд их хүч, анхаарал тавин ажиллаж, томоохон хувь нэмэр оруулсан байна. Я.Мөнхчулууны гавьяа шагналын тухайд Я.Мөнхчулуун нь АУДэС-ийг 1964 оны төгсөгчдийн дундаас хөдөлмөр бүтээлээрээ шалгарч, “1964 оны төгсөгчдийн шилдэг ТОП-1” эмчээр тодрон хүндэт өргөмжлөл авч, “Монголын мэргэжлийн өвчин судлалын анхны эрдэмтэн, мэргэжлийн өвчин судлалын үндэсийг тавигч” гэдэг өндөр үнэлгээг авч байв. Эмч Я.Мөнхчулуун нь боловсрол мэдлэг, мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэхийн тулд байнга чармайн ажилладаг, ажлын идэвхи санаачлага хариуцлага, сахилга сайтай, төлөв даруу зантай, хамт олон, үйлчлүүлэгч хүмүүсийнн дунд нэр хүндтэй, тэргүүний эмч бөгөөд Улаанбаатар, Налайх хотын депутатаар удаа дараа сонгогдон ард түмний итгэл, найдварыг хүлээж байснаас гадна ЭХЯ-ны сайдын 1966,1986 онуудад төв, хөдөөгийн эмнэлгийн нийт эмч нарт илгээсэн албан захидлуудад тэргүүний сайн эмчээр сайшаан тэмдэглэгдэж, дотоод, гадаадын сонин, сэтгүүлүүдэд удаа дараа бичигдэж, МХЗЭ-ийн төв хороо, ЭХЯ-ны хүндэт жуух, эмнэлэгийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан байна. Монгол улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний албыг хөгжүүлэх, бэхжүүлэх үйлст 40 гаруй жил тасралтгүй идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан, манай орны мэрэгжлийн өвчний онол практикийн тулгамдсан чухал асуудлаар эрдэм судлалын ажил хийж, уг өвчний урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэн оношлолт, эмчилгээ, хөдөлмөр зохицуулалтын асуудалд мэдэгдэхүйц ахиц гаргасан, Монгол улсад мэрэгжлийн өвчин судлалын үндэсийг тавьсан, эмнэлэгийн үндэсний боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлж, Монгол улсын мэргэжлийн өвчний анхны мэргэжлийн эмч, мэргэжлийн өвчин судлалын анхны эрдэмтэн, ахмад зохион байгуулагч, эмч, багш, анагаах ухааны доктор /0Ph.D/, улсын мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг хөдөлмөр магадлалын төвийн зөвлөх эмч, мэргэжлийн өвчин судлалын секторын эрхлэгч Ядамын Мөнхчулууныг “Монгол улсын хүний гавьяат эмч” цолоор 2005 онд шагнасан юм. Я.Мөнхчулуун эмчээр эмчлүүлсэн, эдгэрч эрүүлжсэн олон мянган өвчтөн, үйлдвэрийн ажиллагсад, мэрэгжлийн өвчний хичээл заалгасан олон мянган оюутан, эмч нар, зүрх уушги, мэргэжлийн өвчин судлалаар эрдэм судлалын ажил хамтран гүйцэтгэсэн, зөвлөгөө авсан, ажлаа удирдуулсан олон эмч, магистрант, эрдэмтэд “Мэргэжлээс шалтгаалахын Мөнхчулуун эмч” “Мэргэжлээс шалтгаалахын Мөнхчулуун багш” гэж нарийн мэргэжлээр нь овоглон хүндэтгэж дууддаг. Энэхүү “Дуурсах нэр”-ийн ард түүнийг хайрласан өргөн олны хүндэтгэл, Мөнхчулуун эмчийн уйгагүй хөдөлмөрч байдал, бүтээлч үйл ажиллагаа, хүнлэг зөөлөн сэтгэл бүхэн бий.