Нүүр хуудас Дурсамж үгс

ХАГАС ЗУУН ЖИЛИЙН ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ МИНЬ


Монгол улсын хүний гавьяат их эмч, анагаах ухааны доктор, профессор Ядамын Мөнхчулуун бид хоёр дунд сургуулийн 6-р ангиас эхлэн 55 жил үерхэж нөхөрлөсөн үнэнч андууд билээ. Тэр маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, би Дорнод аймгийн Матад сумын уугуул. Хэдийгээр өөр өөр аймаг мэт боловч уг гарал маань Хатгин гурван хошууных билээ. Ёст бэйс, Үйзэн бэйс, Хурц ван хэмээх Хатгин гурван хошуу нь Дархан хан, Матад хан, Зотол хан гэдэг шүтлэгт гурван хайрхантай. Тэгэхээр Мөнхчулуун бид хоёр Хатгин овгийнх билээ. Биднийг дунд сургуульд сурч байсан тэр он жилүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хот нь Улаанбаатарын дараа орох улсын хоёрдугаар нийслэл гэгдэж, соёл, боловсрол, үйлдвэр, аж ахуйн газрууд нэлээд хөгжсөн төв байв. Тийм болохоор Сүхбаатар аймгийн зүүн чиглэлийн сумдын хүүхдүүд Чойбалсан хотын дунд сургуульд олноороо ирж суралцдаг байлаа.

Мөнхчулуун дотуур байранд сууна, би эмээтэйгээ хамт эсгий гэрт хоёр идэлгүй, хоосон хонолгүй бор ходоод бүтэн амьдарна. Тэр үед амьжиргааны наад захын хэрэгцээ болсон гурил,будаа, талх хямдхан, мах ч гэсэн гайгүй төгрөгийн ханш сайн байжээ. 1 кг шар будаа 60 мөнгө, бор гурил 1төгрөг 10 мөнгө, цагаан гурил 1 төгрөг 30 мөнгө, мах 3 төгрөг орчим, элсэн чихэр 2 төгрөг, том цагаан талх 1 төгрөг 40 мөнгө байсан санагдана. Б.Дамдин, Я.Мөнхчулуун, Ж.Намбаа зэрэг миний багын хэдэн найзууд хичээл тармагц л манайд цуглаж, номоо үзэж, зав чөлөөгөөр нь тоглож, үймж шуугиж өдрийг өнгөрөөдөгсөн. Мөнхчулуун бид хоёр хиймэл нуур дээр очиж их гулгана. Би нэг муу какстай, найз маань норвегитэй, сайн хөлдөөгүй мөс цөмөрч усанд хөлөө дүрчихээд хөлдөх гэсэн амьтад манайд ирж гал өрдөж байгаад гутал хувцсаа хатаадагсан. Хавар сургууль тараад найз минь Чоногол явах гэж машин хүлээгээд манайд хэд хононо, тэгээд замын машинд суугаад миний унаган нутаг Матад сумаардайрч Эрдэнэцагаандаа очдог байсан.

Андыгаа дурсан санахад ангийн нөхөд минь өөрийн эрхгүй бодогдлоо. Бид Дорнод аймгийн төвийн нэгдүгээр дунд сургуулийн 10-ын “Б” ангид суралцаж 1959 онд төгссөн. Манайх хэд хэдэн ястаны хүүхдүүд эв найртай суралцаж төгссөн нэг ёсондоо интернациональч маягийн хамт олон байжээ. Халх хүүхдүүд нь Ядамын Мөнхчулуун, Балдансамбуугийн.Дамдин, Баатарын Сугаржав, Жамбалын Намбаа, Шаравын Буд, Цэдэндаржаагийн Должинсүрэн, Юмжавын Жадамбаа, Тунгалагийн Өлзийхутаг, Балдангийн Хархүү, Шавиарын Чимид, Шаравдорж Дэмбэрэл, Дагын Оросоо бидний 13, Буриад хүүхдүүд Даваажавын Алтанцэцэг, Мөнхийн Өлзийбат, Паламдоржийн Баатар, Санжийн Батаа, Жамсрангийн Цэвээндорж, Базарын Хорлоо, Гүмбын Цэндэнжав, Мөнхийн Жамсран, Базарын Намжил, Сангижамцын Норжмоо нарын 10, Барга хүүхдүүд Дуламжавын Нэхийт, Цэвэгжавын Бүтэд, Үзэмчин хүүхдүүд Чинбатын Санчир, Амьтаны Гэндэнжав гээд бүгд хорин долуулаа төгсч билээ. Мөнхчулуун бид хоёр ижил өнгийн дээл, гутал, цэргийн даргын суран бүсээр гангарна. Бид сургуулийн концертод оролцоно.

Мөнхчулуун найраг баян хуур хөгжим дарна. “Залуу гварди” жүжгийн Олег Кошевой зэрэг гол дүрд бид тоглоно, уранзохиолын дугуйланд суралцаж, шүлэг оролдоно, “Дөл” сонинд мэдээ бичнэ гэх зэргээр дунд сургуулийн амьдралыг дэндүү идэвхтэй, зав чөлөөгүй, их л хөгжил хөдөлгөөнтэй өнгөрүүлсэн санагдах юм. Манай ангиас олон алдартан төрж гарсан бөгөөд бид тэд нараараа бахархаж байдаг юм. Мөнхчулуун маань гэхэд Монгол улсын хүний гавьяат их эмч хэмээх алдрыг хүртсэн, эрүүлийг хамгаалахын нэр хүндтэй ахмад ажилтан, удирдагч, нэрт эрдэмтэн хүн байлаа. Тэр маань цэл залуугаараа Налайхын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж, уурхайн ажилчдын дунд илрэх болсон уушги тоостох өвчнийг судалж энэ сэдвээр эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан.

Дараа нь Улаанбаатар хотод ирж Мэргэжлээс шалтгаалах өвчний диспансерын ерөнхий эмчээр олон жил ажиллаж, энэ байгууллагыг хөл дээр нь босгож хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүн гэж би найзаараа бахархдаг. Бас тэр маань АУИС-д нарийн мэргэжлийнхээ дагуу хичээл заадаг байв. Манай Мөнхчулуун эмчийн ёс зүйг төгс эзэмшсэн, эелдэг даруу зантай, хүний төлөө чин сэтгэлээсээ анхаарал халамж тавьдаг, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, үнэхээр хүний дээд хайлан байж билээ. Зөвхөн сайн эмч, эрдэмтэн төдийгүй амьдралын их ухаантай, ажилч хичээнгүй, туйлын их хөдөлмөрч, их нямбай, маргааш хийх ажлаа нугалсан бичгийн цаасан дээр тэмдэглэж түүнийгээ байнга үзэж, биелэлтийг нь тэмдэглэдэг хүн байлаа.

Миний бие амьдралын урт замдд олон янзын ааш араншин, үзэл бодолтой хүмүүстэй үерхэж нөхөрлөж явлаа. Мөнхчулуун бид хоёр 55 жил үерхэж нөхөрлөхдөө нэг ч удаа ам муруйж үзээгүй андууд байлаа. Тэр минь надад болон манайханд их анхаарал тавьж тусална. Манай гэрийнхэн, ээж, хүүхдүүд болон намайг өвдөхөд гэрийн эмч мэт байнга ирж үзэж, эмчилж эдгэрүүлж өгдөгсөн. Миний бие цаас шагайсаар байгаад хар залуугаасаа даралт хөдөлдөг болчихсон юм. Тэгээд л Мөнхчулуун дээрээ гүйгээд очно, тэр маань том эмнэлгийн дарга мөртлөө хэн нэгэн эмчид энэ хүнийг үзээд өг гээд үүрэг даалгавар өгчихөлгүй өөрөө үзэж, өөрийн байгуулсан орчин үеийн багаж төхөөрөмжтэй, тохитой, цэвэр цэмцгэр кабинетдаа оруулж зүрхний бичлэг хийж, ингэ, тэг гэж оновчтой чухал зөвлөгөө өгдөгсөн. Бид хоёр уулзалгүй жаахан удчихаад дараа нь нэг уулзахаараа хоёр биенээ хараад л баахан инээж баясдагсан. Найз минь өөрөө их цэвэр цэмцгэр хүн, костюм нь гар эсгэм индүүдсэн, цамц нь цав цагаан, гутал нь байнга гялалзаж явдагсан. Миний хувцас хунарт анхаарал тавьж, үсээ ийш нь ингэж самна гээд гараараа илж засаж өгдөг байсан нь өнөөдөр ч тод санагдах юм. Дэлгүүр хоршоогоор явсан ч энэ нь дээр, тэр нь тусгүй юм гээд л байнга зөвлөнө, түүний санал зөвлөгөө дандаа л зөв байдаг юм.

Найз маань сүүлийн жилүүдэд Москва хотод охин, ач, зээ нартайгаа амьдардаг байсан. Охин Мөнхцэцэг нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээлд байдаг Нийгмийн шинжлэх ухааны академид шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Түүнийг 2002 онд сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалахад миний бие эрдмийн зөвлөлийн гишүүн байсан юм. Би 2007, 2009 онд Москвад сараар ажиллах үедээ Мөнхчулууныдаа байнга очдог байлаа. Миний амьдардаг буудал, ажилладаг газар хоёр Вавиловын гудамжинд, тэднийх Октябрийн метроны дэргэд учир ойрхон амар байв. Бид хоёр Улаан талбайгаар явж, дэлгүүр, гуанзаар орж, ганц нэг шил шар айраг шимсэн шигээ цэцэрлэгт сууж хууч хөөрдөгсөн. 2008 оны хавар бид Шаргалжуутын рашаан сувилалд хамт явж халуун уураар утдаг байлаа. Тэгэхэд тэр минь надад нэг экологийн ном өгч, түүн дээр ингэж бичсэн байсан. “Найз, доктор, профессор Хорлоо агаагийн Мөнхбаяртаа. Багаасаа олон жил сайхан үерхлээ. Дахиад олон жил үерхэх юмсан! Хүүхдүүдийн үед ч гэмгүй сайхан явах биз. Ангийн найз, эмч Я.Мөнхчулуун. 2008.04.20” гэжээ. ...үерхэх юмсан гээд анхаарлын тэмдэг тавьсаныг нь одоо үзэж суухад найз минь эмч хүн болохоор биеийнхээ байдлыг мэдэж байж дээ гэж бодогдох юм. Өршөөлгүй энэ хорвоог яалтай билээ. Би найзыгаа насан туршдаа санан үгүйлэх болно. За ингээд дотно нөхөр Мөнхчулууныхаа гэр бүл, үр хүүхдүүд нь аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, өөрийн зохиосон “Хатгин гурван уул” хэмээх дууны шүлгээр дурсамжаа өндөрлөе.

ХАТГИН ГУРВАЛ УУЛ

Алсын алсад сүүмэлзэх Нутгийн цэнхэр уулс

Арван гурван тахилгатай Хатгин гурван хошуу

Матад, Зотол, Дархан хан Миний нутгийн уулс

Халх даяар цуутай Хатгин овогтны өлгий

Буурал түүхийг сөхвөл Буга Хатагийн удам

Буян хишигийн ерөөлөөр Буцаж очдог нутаг минь

Дахилт

Гүр хаан Жамухын Алтан бүсийг аравнайлж

Гүрэн их улсынхаа Ариун босгыг түшсэн

Хатгин гурван уулс минь Дорнын цэнхэр хангай

Халуун залуу насны минь Дурсгалыг хадгалсан газар

Дахилт

Гэгээн цэлмэг өдөр Биесээ харуулдан тольдож

Гэрэлт хорвоогийн наран доогуур Биднийгээ гэж өндөлзсөн

Хадган хөх тэнгэртээ Сүмбэрлэн харагдах оргил

Хатгин гурван ууландаа Сүүгээ өргөн залбирья.

Дахилт

Туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн зургаан. 2011.02.09