“ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ 2016-2017” ЯЛАГЧ ТОДОРЛОО



Ядамын Мөнхчулуун сангаас гурав дах жилдээ зохион байгуулагдаж буй “ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ 2016-2017” тэтгэлэгт хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Судлаачаар АШУҮИС, НЭМС-ийн тавдугаар курсийн оюутан А.Бүүвэйдулам шалгарлаа.

А.Бүүвэйдулам нь “Улаанбаатар хот дахь хуурай хими цэвэрлэгээний ажилчдын тетрахлорэтилений өртөлтийг үнэлэх” сэдэвтэй судалгааны ажлаараа оролцож, шалгарсан юм. Тетрахлорэтилен нь Олон улсын хавдрын агентлагаас гаргасан судалгаагаар хорт хавдар үүсгэх боломжтой нэгдэл гэж тогтоогдсон байдаг байна. Энэхүү судалгаа нь Монгол улсад өмнө нь өргөн хэмжээнд хийгдэж байгаагүй тул уг судалгааг хийснээр тетрахлорэтилен үзэх аргачлалыг боловсруулах боломжтой болох юм.

Тэрээр мөн 2017 онд зохион байгуулагдах "ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ V ХУРАЛД энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан өөрийн судалгааны ажлаар шигтгээ илтгэл танилцуулан оролцох болно.

Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлаач тэтгэлэгт хөтөлбөрт идэвхитэй оролцсон багш, мэргэжилтэн, судлаачид, оюутнууддаа дахин талархлаа илэрхийлж, цаашдын судалгааны ажилд тань  өндөр амжилт хүсье.

“Ядамын Мөнхчулуун сан”-гаас зохион байгуулдаг энэхүү “Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлаач“ тэтгэлэгт хөтөлбөр жил бүр уламжлал болон үргэлжилж, уг тэтгэлэгт хөтөлбөр нь Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн чиглэлээр судалгаа хийдэг бүх судлаачдад нээлттэй байх болно.