“ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ 2016-2017” ЯЛАГЧ ТОДОРЛОО



Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн ялагч О.Болорсүхэд “Ядамын Мөнхчулуун сан”-гийн тэргүүн М.Зоригт баяр хүргэж, өргөмжлөл гардууллаа.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн талаар анхаарлаа хандуулж, салбартаа ажиллан, судалгаа шинжилгээ хийдэг, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй олон судлаачид энэ оны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын төв болон Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн судлаач, мэргэжилтнүүд, АШУҮИС-НЭМС-ийн доктор багш нар гээд олон судлаач залуус оролцлоо. Бүх оролцсон судлаач, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

Энэ удаагийн хөтөлбөрт Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын Төвийн, хөдөлмөрийн эрүүл ахуйч Одсүрэн овогтой БОЛОРСҮХ-ийн “Дулааны цахилгаан станцын ажилчдын дуу шуугианы өртөлт болон сонсгол бууралтын хамаарал” сэдэвтэй судалгааны ажил шалгарч тэтгэлэг хүртэж байна.

Энэхүү судалгаа хийгдсэнээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт дулааны цахилгаан станцууд болон уул уурхай, барилга, үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд болон эдгээр салбарт ажиллаж буй нийт ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралтаар хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлээс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөөг хүргэх боломж бүрдэх юм. Үүнд: судалгааны үр дүнг үндэслэн урьдчилан сэргийлэх оновчтой зөв арга боловсруулах, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг /чихний бөглөө, чихэвч/ өмсөж хэвшүүлэх, ач холбогдлыг ойлгуулах, ажилтаныг өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалдаа анхаарал хандуулахыг уриалах гэх мэт олон давуу талтай судалгаа болжээ.


Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон О.Болорсүх болон бусад судлаач, мэргэжилтнүүддээ цаашдын судалгаанд нь өндөр амжилт хүсье.

Цаашид “Ядамын Мөнхчулуун сан”-аас зохион байгуулдаг энэхүү “Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлаач“ тэтгэлэгт хөтөлбөр жил бүр уламжлал болон үргэлжилж, уг тэтгэлэгт хөтөлбөр Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн чиглэлээр судалгаа хийдэг бүх судлаачдад нээлттэй байх болно.