Нүүр хуудас Дурсамж үгс

Мөнхчулуун гуайн хайрласан нэр “Жаргалмаа”


Мөнхчулуун гуай нутагтаа очихоороо заавал айлчилдаг хэд айл Эрдэнэцагаан суманд бий. Тэдний нэг нь Н.Базар эгчийнх. Базар тэр хоёр ёстой нэг дор, айл саахалт өссөн багын найзууд байлаа. Базар эгчийн нөхөр Шагдартай мөн бага сургуулийн нэг ангид сурч байсан юм гэдэг.

Эрдэнэцагаанд очихоороо заавал ороод гардаг хэдэн айлдаа хотоос чихэр, боов базаана. Базар эгч багын найзаа дурслаа.

“Мөнхчулууныг багад нь Гөлөгтөмөр гэж дууддаг байсан юм. Дуулдаг хүүхэд байсан. Ямар сайндаа ээж нь манай энэ төвийн нохой шуугиулаад дуулж явдаг хүн болно шүү” гэж ярьдаг байхав. Бидний үеийнхэн 8 хүрч сургуульд суугаад 12 хүрч бага сургуулиа дүүргэдэг байлаа. Бага сургуульд орж байхад манай сумыг Зотол сум гэдэг байсан юм. Тэр үед Далай хамарт сум, Өндөр хамарт сүм байлаа...” гэж Базар эгчийн яриа эхэлнэ. Хил хязгаар нутгийн сум гэдэг тэр үед чухам юу байсан бол гэж эрхгүй бодогдоно. Эрдэнэцагаан шиг хүн хөлхөж, машин тэрэг давхилдсан, жилээс жилд байшин барилгын тоо нэмэгддэг, хөгжил далласан суурин байгаагүй л байх. Гэхдээ л тэнд өсч буй хүүхдүүд холын мөрөөдлөөр жигүүр хийн нисч, хот хүрээ бараадан эрдэм номд суралцаж, өөрөө өөрсдийнхөө амьдралыг бүтээсэн юм. Тэдний нэг нь Монгол Улсын хүний гавьяат эмч Ядамын Мөнхчулуун гуай юм.

Ядам гэдэг нь Мөнхчулуун гуайн нагац хөгшин юм. Ээж нь Тогтог гэж бумбагар цагаан хүүхэн байсан гэж хүмүүс дурсдаг. Мөн ээжийнх нь ах Гоогоо /нэр нь Гочоо/ гэж хөгшин байжээ. Ах, эгч, дүү гурван хөгшин ганц хүүхдээ сургуульд явуулахгүй гэж гөжүүдэлсэн юм даг уу даа. Мөнхчулуун бага сургуулиа төгсгөчихөөд гэртээ хэдэн жил өнжсөний дараа гуйсаар байж дунд сургуульд явсан гэнэ. Мөнхчулуун гуай төрсөн ганц эгчтэй. Тэр үед эгч нь айлд явж, дүү нь сургуульд явсан юм хэмээн багын найз Базар нь дурслаа.

Сургууль, соёлд дурласан хүү цаашаа үргэлжүүлж сурахын тулд нэг зун өвлийнхөө бүх түлшийг ганцаараа бэлтгэсэн гэж Базар эгч ярьсан. Сургуульд албадан явуулах гээд төвөөс хүн ирэхээр Ядам хөгшин “хөгшин хүний ганц хүүхдийг авч явах гэлээ. Түлээ түлшиндээ хүрч чадахгүй гар мухар болно” гэж арга саам хэлдэг байж л дээ. Тэгээд Мөнхчулуун хүү өвлийнхөө түлшийг бэлтгэчихвэл намайг сургуульд явуулах юм байна гэж бодсон хэрэг.

Зун нь Жаргалантын аманд нэгдлийнхээ хадланд хүүхдүүд хамтдаа явцгаадаг байжээ. Биеэр жижиг ч ажилд давгүй сайн байсан гэж Базар эгч хэллээ. Тэднийг хадлангийн ажил нугалалцахтайгаа болсон үед буюу 1959 онд нэгждэлжих хөдөлгөөн ялж, жинхэнэ утгаараа нэгдэл байгуулагдаж байсан юм байна.

Хадлан хийж, түлшээ базааж, хөдөөгийн айлын мундахгүй их ажлыг хэдэн жил нугалсан хүү дунд сургуульд сурахаар Дорнод аймаг руу явж, Базар эгч нутагтаа үлджээ.

...Мөнхчулуун маань сургуульд явсан нь ёстой мөнөө олсон хэрэг байсан юм. Тэгээд тэр чигтээ эрдэм номын мөр хөөж одсон доо. Эмч боллоо л гэнэ, цол хамгааллаа л гэж сонсдоно. Сүүлд л Мөнхчулуун маань нутаг руугаа гүйдэг болсон доо. Залуу явахад ажил төрөл, хүүхэд шуухад гээд амждаггүй байсан байлгүй... гэж Базар эгч дурссан.

Нэг хэсэг нутагтаа ирэхгүй удсан ч нутгаасаа очсон хүмүүсийг жигтэйхэн сайхан хүлээж авдаг байжээ. Базар эгчийн дурссанаар Бавуу гэдэг хүн Мөнхчулуун дээр очиж эмнэлэгт нь үзүүлжээ. Нутагтаа ирсэн хойноо тэр хүн Мөнхчулуун эмчийн эелдэг сайхныг нь магтсаар ирж гэнэ. Мөнхчулуун маань багын л эелдэг хүүхэд байсан даа гэж Базар эгч хэлсэн юм.

Багадаа нэг дороо өссөн хоёр найз хожим ч дотно байж. Сүүлд 1997 онд Базар эгчийн хүү Болдын дунд охинд Мөнхчулуун эмч нэр өгсөн байна. Охинд Жаргалмаа гэдэг нэр хайрлажээ. Бүр өмнө нь Жаргалмаагийн ээжийг бэр гуйж авчирч байсан гэнэ. Монголчууд хүндтэй хүнээрээ бэр гуйлгаж, нэр ус хайрлуулдаг шүү дээ...

Ямар нэг асуудалд эхлээд “За байз хө...” гэж хэлнэ. Нэлээн бодож байж дуугарна. Бага байхын л хүүхдүүдтэй сайдалцаж, муудалцаад байдаггүй, бүстэй хүүхэд хэрнээ томоотой байсан санагддаг юм гэж Базар эгч дурссан юм. Мөнхчулуун гуайн тухай дурсамж дунд эгч нь заавал дурдагдах юм билээ. Эгчийгээ “агаа” гэж дууддаг, их хайрладаг байсан гэж багын найзууд нь заавал дурсана.