Нүүр хуудас Дурсамж үгс

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН АНХНЫ ЭМЧ, АНХНЫ ЭРДЭМТЭН,МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДСИЙГ ТАВИГЧ


Дотрын тэнхимийн багш, Анагаах ухааны дэд эрдэмтэн, доцент Б.Цэрэнлхам, Б.Дэмбэрэл агсан нар маань манай курсийн онц сурлагатан Ядамын Мөнхчулууныг 4-5 дугаар курсээс нь зүрх, уушгины өвчний нэлээд ном уншуулж, товчлол, реферат бичүүлж, хамт өвчтөн үзэж, нэг л ойр дотно, хамтран ажилладаг байв.

Мөнхчулуун 1964 онд АУДэС төгсөхөд нь Цэрэнлхам багш дагуулан гүйж, Дэмбэрэл багшийг эмчлэн сэргийлэх хэлтсийн дарга байхад билүү, 1-р орлогч сайд байхад нь ярилцаж байгаад УКТЭ-д хувиарлуулсан ч түүний үерхдэг бор охин нь (манай курсийн Самбуугийн Дуламсүрэн) Налайхад их эмчээр хувиарлагдаж очсон учир ЭХЯ-ны боловсон хүчний хэлтсийн дарга Шагж гуайд очиж “Намайг Налайхад хувиарлаж өгөөч” гэж гуйсан гэдэг. Мөнхчулуун ч, Шагж гуай ч хоёулаа баярлаж, Налайх хотын Нэгдсэн эмнэлэгт ажиллацгааж, өнөөх Налайх руу “гүйлгэсэн” Дуламсүрэнтэйгээ өнөө болтол 40 жил ханилан сууж, 3 хүүхэд, 5 ач зээтэй болцгоожээ.

Ном их уншдаг, аливаад маш нарийн хянуур, судалгаа дүгнэлттэй ханддаг, уйгагүй шаргуу хөдөлмөрч залуу эмч Мөнхчулуун ажил мэргэжлээр их түргэн өсч, жил хагасын дараа Налайх хотын нэгдсэн эмнэлэг хэмээх томоохон эмнэлгийн ерөнхий эмчээр дэвшин ажилласан байна. Манай курсийн хэдэн эмч нар нэг удаа уулзалдаж, жаахан наргиж, буу халсан үед архи уудаггүй, энэ талаар туршлагагүй Мөнхчулуун архи, пиво хольж ууснаас нэлээд согтож, сэтгэл нь хөдөлж, Налайхаа магтаж ярихдаа:

  • Налайх хот бол нүүрс, уурхайчдын буянаар ажиллах, амьдрах нөхцөл их сайтай газар. Ажлын газар, гэр маань хоорондоо их ойрхон байсан учраас шөнө орой, өглөө 6-7 цагийн хооронд ном уншдаг байлаа. Ер нь Налайх хотод инженер, дээд мэргэжлийн орос, монгол сэхээтэн их олон, эмнэлгийнхэн маань их хөдөлмөрч, налгар тайван, Налайх маань их өгөөжтэй сайхан нутаг, ард түмэн нь бүтээлч хамт олон байлаа.
  • Налайхчуудын ярьдгаар танкийн хорооны оросууд, инженер-техникийн мэргэжилтэн оросууд, “Монгол ард” нисэхийн эскадрилийн оросууд гээд 3 хэсэг, хотхны олон оросууд байсан бөгөөд тэдгээрийн гэр бүл болох олон сайн орос эмч нар Налайхын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байлаа. “Монгол ард” нисэхийн эскадрилийн эмнэлэгт ЗХУ-ын Өвөр Байгалийн цэргийн тойргийн эмнэлгээс доктор, профессорууд ч томилолтоор ирж ажилладаг байлаа. Энэ олон орос эмч нар Налайхын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг сайн эмч болоход их туслалцаа, нөлөө үзүүлсэн.
  • Налайхын нэгдсэн эмнэлгийн дарга, ЭХХ-ын дарга байсан Б.Дамдинсүрэн, ахмад эмч Маналсүрэн, Болд, Нацагдорж, Балжинням гээд олон эмч, багш нар байлаа. Эд бүгдийн хайр ивээл ч биз. Налайх хотын нэгдсэн эмнэлгээс Шинжлэх ухааны доктор Навчсан, Анагаах ухааны доктор Дугарсүрэн, Цэрэн-Очир нарын эрдэмтэд төрж, П.Дорж, Өсөхбаяр, Нарантуяа, Нэргүй, Батсүх нарын олон сайн эмч нар Бүгд Найрамдах Лаос Ард Улсад, миний бие Бүгд Найрамдах Кампучи Ард Улсад эмчээр ажиллаж байсан гэж дурсан ярьж байсан юм.

Я.Мөнхчулуун 1964-1976 онд Налайх хотын нэгдсэн эмнэлэгт дотрын, зүрх судасны эмч, ерөнхий эмч, Эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга, 1976-1990 онд Улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний улсын диспансерын дарга, 1990 оноос Улсын мэргэжлийн өвчин судлал, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын төвийн секторын эрхлэгч, зөвлөх эмч, улсын эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байлаа.

Я.Мөнхчулуун 1966 онд Улаанбаатар хотод зүрх судасны эмчийн мэргэжил эзэмшиж, 1970 онд Москвад А.Л. Мясниковын нэрэмжит зүрх судасны институтэд зүрх судасны эмчийн мэргэжил дээшлүүлэх, 1977, 1979 онуудад Москва дахь Лениний нэрэмжит ЗХУ-ын эмч нарын мэргэжил дээшлүүлэх төв институт, хөдөлмөрийн эрүүл ахуй, мэргэжлийн өвчин судлалын институтэд мэргэжлийн өвчний эмчийн мэргэжил эзэмших, дээшлүүлэх курс тус тус төгсч, Прага, Варшав, Москва хотын зүрх судас, мэргэжлийн өвчний институтэд удаа дараа дадлагажилт хийсэн байна. Я.Мөнхчулуун 1979 онд мэргэжлээс шалтгаалсан уушги тоостох өвчнийг эрт илрүүлэн оношлох сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан нь онол–практикийн их үр дүнтэй эрдэм судлалын ажил болсон юм.

Я.Мөнхчулуун сайн эмч, эрдэмтний хувьд 1980 онд эх орныхоо өндөр нэр хүндтэй томилолт авч (Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт эмч, клиникийн профессор Г.Нямхүүгийн хамт) Бүгд Найрамдах Кампучи Ард Улсад эмнэлгийн тусламж үзүүлэх олон улсын эмч нарын багийн бүрэлдэхүүнд зүрх судасны эмчээр ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлсэн учир Дэлхийн Ардчилсан Залуучуудын Холбооны “Хүндэтгэлийн үнэмлэх”-ээр шагнагдсан билээ. Я.Мөнхчулуун 1978 оноос АУИС-д мэргэжлийн өвчин судлалын, дотрын багшаар хавсран ажиллаж, эмчилгээ, эрүүл ахуйн ангийн оюутнууд, дотрын, цехийн дотрын эмчийн, мэргэжлийн өвчний эмч нарын мэргэжил эзэмших, дээшлүүлэх курсийн эмч нарт багшилж, дотор, мэргэжлийн өвчин судлалын эрдэм шинжилгээ, судалгааны, курсийн, магистрантурын олон тооны ажлыг удирдаж, эмнэлгийн үндэсний боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гавьяатан.

Монгол улсад мэргэжлийн өвчин судлалын диспансер 1964 онд байгуулагдсан бөгөөд 1964 оноос одоо хүртэл үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний алба, үйлдвэрийн ажилчдын өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр болон удаанаар алдалт, эмнэлэг хөдөлмөр магадлал зэрэг олон асуудлаар тухайн үеийн төр, засаг, яамны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд ихээхэн хүчин чармайлт тавин ажиллаж байсан талаар Сайд нарын Зөвлөлийн референтээр ажиллаж байсан Магсаржав, ЭХЯ-ны сайд асан Д.Ням-Осор, эмчлэн сэргийлэх хэлтсийн дарга асан Доржжадамбаа, Түмэндэмбэрэл, Буян-Өлзий нар өндөр үнэлж байсныг энэхүү дурсамж сэтгэгдлийг тэрлэгч би мэдэх юм.

Я.Мөнхчулуун докторын дотор, мэргэжлийн өвчний шинжилгээ, оношлогоо, эмчилгээний холбогдолтой орчин үеийн олон аргыг практикт нэвтрүүлж ажилласан нь одоо ч тухайн салбарт үр дүнгээ өгч байна. Монголын мэргэжлийн өвчин судлалын анхны эмч, анхны эрдэмтэн, ахмад зохион байгуулагч, мэргэжлийн өвчин судлалын үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд дорвитой хувь нэмэр оруулсан ахмад эмч, анагаах ухааны доктор Я.Мөнхчулууныг АУДэС төгссөн, ажилласных нь 40 жилийн ойн босгон дээрээс эргэн харж “МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДСИЙГ ТАВИГЧ” гэж үзэх нь үнэхээрийн зүй ёсны бодит үнэлгээ болой!

“Мэргэжлээс шалтгаалахын Мөнхчулуун” гэж олон түмэн мэргэжлээр нь овоглож, хүндэтгэн дууддаг нь аваагүй цол, шагналыг нь орлон баярлуулдаг болов уу!