Нүүр хуудас Дурсамж үгс

“ЭРДЭНЭЦАГААН МИНЬ ГЭЖ ДУУЛАХААР ЭРДЭМТЭЙХЭН ТӨРСӨН БУУРЛУУД МИНЬ ЭРГЭЖ НЭГ ЗАЛРАХ ШИГ БОЛДОГ ОО”


“ЭРДЭНЭЦАГААН МИНЬ ГЭЖ ДУУЛАХААР

ЭРДЭМТЭЙХЭН ТӨРСӨН БУУРЛУУД МИНЬ

ЭРГЭЖ НЭГ ЗАЛРАХ ШИГ БОЛДОГ ОО”… хэмээн Амартайван найрагчийн шүлгэлсэнчлэн Эрдэнэцагаанчуудын эрхэмлэн дээдэлдэг оюун билэг хурц, эрдэм чадал төгс олон сайхан буурлуудын нэг нь Омболой амбаа. Үүнийг тэрлэгч миний оюун сэтгэлд Омболой амбаа хэмээх эрхэм нэр, бат сууриа эзэлсэн байх ч, хэдий үед амьдарч байсан, хэний хэн болох, ямар ид, чадалтан байсан тухай нэхэн саная гэвч, нэлээд бүрхэг. Тийн атал юуны учир ийнхүү эрхэмлэн дээдэлж, өнөө бидний дунд үгүй ч, үе улиран хүндлэгдэж, домог болон оршино вэ? Аанай л эргэж заларсан мэт...

Мөхөс намайг мэндэлэхээс өмнө бурхны орноо одсон ч, нутгийн олон Омболой амбаа хэмээн дээдэлдэг, нүдэнд дулаахан буурлын хөрөг дүр, балчир оюунд минь буй болсон тэр цагаас хойш олон он өнгөрч дээ. Ингээд энэ эрхэм хүмүүний тухай нутгийн түмний гүн хүндэтгэл, үнэн сүсэг оршсон хууч яриа хийгээд садан төрлийнхэнтэй нь хөөрөлдсөнөө уншигч таньд хүргэе.

Төр, шашны зүтгэлтэн тамгатай хутагт, зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд Егүзэр хутагт Галсандашийн 33 шаврангийн нэг Шавдаглувсандамбийжунай Омболдой цорж болбоос бурхны номд нэвтэрхий, дүвчин лам Гомбодоо цоржийн хувилгаан юм. (Г.Диваасамбуу, Хамгийг айлдагч Хатгины Егүзэр ламхайн түүх оршвой. Х-26) Самбуу хэмээх ганц дүүтэй эхээс хоёул боловч, 3 настай байхад нь хувилгаанд тодруулан, хийдэд шавилуулж, Думбаа гэдэг хөгшнөөр асруулжээ.

Ланс Чүлтэм хэмээх ширүүн догшин төрхтэй, урдаас нүүрлэх гай барцадыг зайлуулж гэтэлгэдэг, ид чадалтай хүн байсан тухай одоо ч Эрдэнэцагаанчууд хуучилдаг бөгөөд, Ланс Чүлтэм, Омболой амбаа, Думбаа хөгшний хүү Батсүх 3, зул хүж асааж, ах дүү барилдсан улс юм гэсэн. Ланс Чүлтэм,Омболой амбаа хоёр багадаа Думбаа хөгшний гар дээр өссөн бөгөөд тэднийх Арын хоолой хавиар нутаглаж байжээ.Нэгэн шөнө Омболой орилж бахирч, лаа, дэн бариулан хөгшин ээжээ унтуулалгүй хонож гэнэ.Өглөө босоод хөгшин, энэ дамшиг урьд шөнө унтуулсангүй орилж хонолоо яасан юм бол гэж Чүлтэм хүүдээ хэлжээ.Тэгсэн Чүлтэм “яахав дээ аргамжаатай морийг чинь чоно идэх гээд, түүнийг үргээж хоносон нь тэр дээ”гэсэн гэдэг. (Я. Пүрэвжав)

Мөн аймгийн мөрдөнд байцаагдаж байхдаа эмээлээ авч ороод дэрлэж хэвтдэг байж. Нэг өдөр хянагч “энэ юун эмээл вэ? Наадхаа гаргаж хая” гэж хуягтаа тушааж. Хуяг нь орж ирээд эмээлийг нь хураах гэтэл эмээл нь шалнаасаа салдаггүй гэнэ.Омболой амбаа эмээлээ дэрлэж хэвтсээр байгаад, суллагдахдаа эмээлээ тохоод, морьтой ирж байсан гэдэг. (Чүлтэмийн Даваа) Омболой амбаагийн бие чилээрхээд хотод дүү Самбуу, охин Дуламсүрэн нарынхаа гар дээр бурхан болсон. Бид бурхан шүтээнд нь зул хүж өргөж, сан уугиулах гээд гэрт нь ороход модон хайрцагтай сэтэртэй морины нь таг нээгдчихсэн байсан. Тагийг нь хаах гэсэн хаагддаггүй, нээлттэй байсаар гурав хоног нь өнгөрсний хойно хаагдчихсан байж билээ. Бэр Баяндай

1971, 1972 оны үед юмдаг, би 12 настай байсан.Сумын хуучин холбооны зүүн талын байшинд Омболой амбаа суудаг,би аргал усыг нь ойртуулж, ойр зуур нэмэр болдог байсан ухаантай. Хүмүүс их ирдэг, нууц байдалд ном уншдаг, засал хийдэг байсан. (Намжилмаа) Маамын (авга ах) ярьж байсныг уламжилья. Омболой амбаа Энэтхэг, Түвдийн том том лам нартай ном хаялцдаг байсан, тэднийх нь бэлэглэсэн мөнхийн зул, лянхуатай цэцэг навч одоо ч манайд байна. Тухайн үед ховор нандин, үзэгдэж харагдаагүй зүйл байлаа. (Пүрэвээ)

(Хууч яриаг нэгтгэсэн Хавхчин овогт Дамдинсүрэнгийн Цэнджав)

Төрсөн дүү Самбуугийнх нь олон хүүхэдтэй айл байж. Тэдний ихэнх нь өдгөө сэрүүн тунгалаг аж төрж, үр ачаа тойруулсан, олон сайхан өрх айл, ажил амьдрал нь өөдрөг тэнүүн, амжилт бүтээл арвинтай явна. Самбуу гуайн бага охин Цэрэндулам аавыгаа асарч, өргөн бусдаасаа арай ойр байсны хувиар олон сайхан хууч, үнэтэй үг сургамжийг нь сонсож,тэмдэглэж үлджээ. Аав нь нийслэлийн 2 дугаар дунд сургуульд мужаан хийдэг, төлөв түвшин төрхтэй, ажилч хичээнгүй зантай, хүүхдүүддээ “Хүн хөө шиг санасан ч, сүү шиг санаж бай” хэмээн сургадаг, хүнлэг хүн байсны дээр ах шигээ бурхны номд суралцсан, ном уншлагатай болохыг тэд, бүр хожим мэдсэн гэдэг. Цагийн байдал цөвүүн болж, хүн чанар хөсөр хаягдан хэлмэгдүүлэлтийн хар шуурга дэгдэж эхлэхэд, Омболой амбаа төрсөн ганц дүүгээ орхимж, өмсгөлийг нь Зотол хайрхандаа өргүүлээд,олон хөлийн газар луу одуулсан гэлцдэг. Өөрөө ч бас оргож дутаасан.., буян номын хүнээ буруу хазгай сэтгэлтнээс уул ус, уугуул нутаг нь хаацайлж, хамгаалдаг гэлтэй олон хоног шуурга нүдэж, оргож холдоход нь дэм болсон гэх, гайхаж биширмээр яриа өдгөө ч нутгийн хууччуул хүүрнэх нь бий. (О.Удвал) Мөн Цээеэ эгч (Самбуу гуайн бага охин Цэрэндулам) олон сонин хууч хүүрнэсэнээс сонсоод л баймаар,бүр бага насаа ч дурсмаар хөгжилтэй,инээдтэй зүйл ярьсныг уншигч тантай хуваалцъя.

Сахалтай ахынд (дүү нар нь Омболой амбааг ингэж авгайлдаг) хүмүүс орж ирэхдээ босгонд нь тээглэж, ойчоод байгаа юм шиг харагддаг байсан, “босгоо намсгаач хүн унагаад байна” гэж загнадаг байлаа. Би айлын бага, аав ээж, ах эгчдээ эрхэлсэн адтай аманцар охин байсан.Гэтэл хүмүүс орж ирүүт ахад мөргөдөг байж л дээ. Хожим ойлгосон.Би бас хоол цай руу тарнидаж өгдөг байсныг нь, “сахалтай ах нулимчихсан шүлстэй хоол, цай идэж ууж болохгүй” гэдэг байлаа. Бага байсан ч зарим зүйлийг аав ээжийнхээ ярианаас анзаардаг байсан юм болов уу,бороо холдуулдаг гэдгийг нь мэддэг л байсан. Эгч нартайгаа тоглож байтал бороо орно, хэцэн дээр өлгөсөн угаасан юмаа оруулахаас залхуурч, “сахалтай ах бороогоо хөөгөөрэй” гэчихээд тоглоод л байдаг,нордоггүй л байсан юм. Нэгэн их бороотой зун ахыг Эрдэнэцагаанд байхад нь эргэж оччихоод буцах гэтэл,

“За ахдаа хэлж, захих юу байна” гэлээ.

Биеэ сайн бодоорой!, шавар усанд сааталгүй хотоо бараадах юмсан гэлээ. Ах, - дажгүй ээ л гэсэн. Үнэхээр аянга цахилгаантай аадар бороо биднийг тойрч, ороод байна уу гэлтэй, цайрч нүүгэлтээд байсан ч, бид сааталгүй явсаар хотдоо ирж байсан. (С. Дуламсүрэн)

Омболой амбаа төрсөн хүүхэдгүй тул дүүгийнхээ хүүхдүүдтэй их ойр байсан тэр тусмаа Дуламсүрэн гуайг илүү дотночилж, нарийн ширийн зүйлээ асууж зөвлөдөг байсан гэдэг.Нутгийнхан Дуламсүрэн гуайг Омболой амбаагийн өргөмөл охин ч гэлцдэг. Би 12 настай байхдаа хаднаас унаж бэртээд, олон хоног эмнэлэгт хэвтсэн, орос эмчээр эмчлүүлээд эдгэрдэггүй эцэж тураад, тамир тэнхээ ч үгүй болж, эмч нар намайг ээж аавд хүн болохгүй гэж хэлсэн юм билээ.Тэгэхэд ах орж ирээд гарсан. Удалгүй эдгэрч эмнэлгээс гарах болоход орос эмч, ихэд гайхаж намайг машинаараа гэрт минь хүргэж өгч байсан. Ер нь хүүхдэд их ээлтэй, арга дом сайтай хүн байсан даа. Дүү нарын хүүхдүүдээс 1974 онд Пүрэвдэйг өвдөхөд гал дээгүүр эргүүлж тарнидаад толгойг нь илж, үлээх шиг болж байсныг санаж байна, түүнээс хойш Пүрэвдэй бараг өвдөөгүй байх. Сүүлд намайг эмч болоод амралтаараа ахынд очихоор хүмүүс биеэ үзүүлэ хээр их ирнэ. Ер нь өвгөн ( МУ-ын гавьяат эмч Я.Мөнхчулуун) бид хоёрыг нутагтаа очиход байнга үзүүлдэг хүмүүс их байсан, гэтэл ах дээр бас хүмүүс ирж юм асуудаг. Би их санаа зовно.

Ах аа, -би эмчээ больё, эсвэл та хүмүүс цуглуулахаа боль гэнэ, ах маань, яалаа гэж, миний охин эмчээ хийлгүй яахав гэдэг байлаа.Би ер нь ахад их эрхэлдэг, дураараа аашилдаг байж дээ.Өвдөж ядрахад нь ч хамгийн түрүүнд очдог, хожим ахыгаа өөр дээрээ асрахаар болж, нутгийнхан бараг бүгдээрээ гаргаж өгч, зарим нь уйлаад үлдэж байсан.Тэр үед сайн ойлгоогүй ч, олны хайрыг татсан нутаг усандаа нэртэй, зөвхөн бидэнд биш хүн зондоо хэрэгтэй хүн байж дээ гэж бодож билээ .Намайг том хүүгээ төрүүлчихээд байхад ах, биеэ эмчлүүлэхээр өвгөн бид 2 дээр ирсэн. Бие нь ч гайгүй болж, хүүг мааань 1нас 2сартай болтол нь харж өгөөд буцаж байлаа. бүс, хадаг гэх мэт хэрэглэж байсан эд зүйлийг нь том хүү Зоригтод өвлүүлсэн. Ах минь 1975 онд хотод байхдаа өөд болсон. Өөрийн нь захиас байсан биз, завилж залбирч байгаагаар оршуулж, 45 хоног дотор нь багын нь сэвлэг даахитай бумбыг 3отол уулын бэлд тавьж, нэг ёсондоо нутагт нь оршуулж байгаа мэт дахин ёслол үйлдсэн юм. Өөрөө амд сэрүүн ахуйдаа Зотол хаанаа шүтэж яваарай гэж захидаг байлаа. Ахын, аавын захиас, өвгөний минь төрсөн нутаг, Зотол хайрхан, Эрдэнэцагаан сум бол бидний, хүүхдүүдийн маань үеийн үе, үрийн үрдээ эрхэмлэн захиж, сүсэглэн дээдэлж явах шүтээн минь юм даа.

Энэ мэт нутгийн эрдэмтэй буурлын тухай сонсож, дуулснаа та бүхэнтэй хуваалцахад ийм байна.

Д.Болорцэцэг